2024 оны 04-р сарын 19, Баасан гариг, 18 цаг 36 минут

“Хүлээстэй” хотоос хөгжил нэхсээр суух уу


“Хүлээстэй” хотоос хөгжил нэхсээр суух уу

Зуны улс төрийн гол сэдэв болсон үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж буй асуудлуудын гадна хотын асуудал орхигдох нь. Орчин үеийн эдийн засгийн мотор гэж хэлж болох хотын хөгжлийг эцэг хуулийн өөрчлөлтөөр хэрхэн хангах тухай үнэндээ нийслэлээс сонгогдсон гишүүд нь ч ярихгүй байна. Монгол Улсын хүн амын тал нь шахуу байнгын төвлөрөн суудаг, зарим дүүрэг нь зүүн бүсийн аймгуудыг нийлүүлснээс ч олон иргэдтэй, ДНБ-ий 70 орчим хувийг бий болгодог нийслэл хотын хөгжлийг үндсэн хууль нь өөрөө боомилчихсон, хуулийн тодорхой бус зохицуулалттай байгааг хотын хөгжлийн өнөөгийн байдал харуулдаг. Бүр тодруулбал хот өөрийн гэсэн удирдлага, зохион байгуулалттай эдийн засгийн, хөгжлийн хөшүүрэг болж чадахгүй байна гэж үе үеийн удирдлагууд, судлаачид хэлсээр ирсэн. Нийслэлийн өмчид бүртгэлтэй бараг хоёр их наядаар үнэлэгдэх барилга байгууламж, обьектуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, үхмэл хөрөнгө болгон хэвтүүлсээр ирсэн нь үүний нотолгоо.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд хотын эрх зүйн байдал, нутгийн өөрөө удирдлагын тогтолцоотой холбоотойгоор сууж буй цөөн хэдэн зохицуулалт орсныг эхлээд дурдъя.

57.2. Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно.

59.2. Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно.

59.3. Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурал нь сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

59.4. Баг, хорооны иргэдийн Нийтийн хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана.

60.2. Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлааснэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.

60.3. Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

60.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг арга томилно.

Төсөв, өмчийн асуудлыг нийслэл хот тусдаа шийдэх зохицуулалт орсонгүй

Эдгээр зохицуулалтад улсын эдийн засаг, санхүүгийн хөгжлийн үндэс суурь бол хот юм байна гэсэн дэлхий нийтийн зарчим харин алга. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “...хотыг Засгийн газар хөгжүүлэхгүй, хотынхон өөрсдөө хөгжүүлнэ. Өөрсдөө хөгжүүлэхийн тулд үндсэн хуульдаа хөгжих боломж буюу статусыг нь хуульчилж өгөх ёстой. Төв Засгийн газраас хамааралтай, төсвөөс мөнгө хүлээгээд сууж байдаг биш, өөрсдөө мөнгөө бий болгодог, өөрийн удирдлага зохицуулалттай систем байх ёстой. Энэ бол үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын гурав дахь асуудал...” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гэвч нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төсөв, өмчийн асуудлыг нийслэл хот тусдаа шийдэх зохицуулалт орсонгүй. Харин НИТХ-ыг дүүргийн ИТХ-аас бүрдүүлдэг байх, дүүргийн Засаг даргыг иргэд нь сонгодог байх зэрэг зохицуулалт нь “нийслэлийн парламент”-аас дэмжлэг авахгүй байгааг энд тодотгоё.

Наад зах нь баянзүрх, СХД-ийн хүн ам тус бүрдээ 330 мянгыг давчихаад буй өнөө үед иргэдээс сонгогдсон дүүргийн Засаг даргын эрх мэдэл хаана хүрч хязгаарлагдах вэ гэдгийг тодорхой болгох ёстой.

УИХ-ын гишүүн хүртэл дээд тал нь 40-50 мянган хүнээс сонгогдож байхад 330 мянган хүнээс сонгогдсон дүүргийн дарга хотын мэр-т захирагдах уу. “Би бол ард түмнээс сонгогдсон” гээд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй, хувийн тоглолт хийгээд эхэлбэл яах вэ. Засгийн газраар аливаа асуудлаа шийдүүлэхдээ аль нэг яамтай хавсарсан байдлаар оруулдаг, хотын дарга зөвхөн асуултад хариулж, нэмэлт мэдээлэл өгөх үүрэгтэй болохоос саналын эрхгүй Засгийн газрын хуралдаанд суудаг зэрэг олон асуудлыг энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдэж чадах уу гэдэгт хотоос сонгогдсон гишүүд ядаж анхаарлаа хандуулаач.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ид хэлэлцэж буй энэ үед л боломжийг алдвал дахин 20 жил нийслэл гэдэг их айл төсөв царайчилж амьдарна. Санхүүгийн, захиргааны ямар  ч эрх мэдэлгүй, “хүлээстэй” хотоос харин хөгжил нэхсээр суух уу.






Дэд онцлох